Saturday, January 9, 2010

Битүү хоол

Битүү болгож иддэг хоол хүнс нь хүний эрүүл мэндэд нэн тустай бөгөөд ядаргаа тайлах, хий хуй хөөх, биеийн эсэргүүцэл сайжруулах гэх мэт үр нөлөөтэй байдаг. Орчин үеийн дэлхийн хоолны хандлага нь маш том шинжлэх ухаан, урлаг болон хөгжиж байна. Энэ нь аргагүй юм. Хүн хэдийгээр нийгмийн амьтан мөн бөгөөд хэдий их баялаг цуглуулавч эрүүл мэндээс чүхал зүйл үгүй.Нэг хэсэг шинжлэх ухааныг хэт шүтэж хүнсний нэмэлт химийн гаралтай бүтээгдэхүүн ихээр хэрэглэж байсан Европчууд одоо эргээд натураль буюу байгалын, биологийн гаралтай цэвэр хоолыг хүнсэндээ түлхүү хэрэглэх болжээ.Тэр тусмаа Монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн уламжлалт хоол хүнс, сүү тараг цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, зэрлэг эмийн ургамлын төрөл зүйл нь дэлхийн хоол хүнсний орчинд маш сайн нийцэж байгаа юм.
Улс үндэстэн болгон өөр өөрийн байгал цаг уур уламжлал ёс заншил биологийн онцлогт тохирсон хоол хүнс хэрэглэдэг. Монгол орон эрс тэс уур амьсгалтай түүндээ тохирсон онцлог аж амьдралтай. Өвлийн хүйтэн цагаар хүнсэндээ мах түлхүү хэрэглэдэг. Хүний биеийн бүх үйл ажиллагаанд зарцуулагддаг энергийн гол эх үүсвэр болох өөх тос болон үл нөхөгдөх уургийн амин хүчил нь амьтны гаралтай бүтээгдэхүүнд илүү агуулагддаг . Харин халуун дулаан цагаар хүнсэндээ цагаан идээ түлхүү хэрэглэж ходоод гэдсээ амраадаг байна.
Монголчууд бууз банш боодог хорхог хуушуур гэх мэт олон төрлийн битүү хоол иддэг. Битүү хоолны нэг онцлог нь орцон дахь бүтээгдэхүүнийхээ тэжээллэг чанарыг маш сайн хадгалдаг. Энэ дундаас бууз нь Монголчуудын баяраар хийдэг гол хоолуудын нэг бөгөөд орчин үед төрөл зүйл нь нэмэгдэн баяжсаар байгаа билээ. Буузны гарал үүслийг олон янзаар тайлбарладаг боловч Монгол хүмүүс өөрийн үндэсний хоол болгож хэрэглэсээр олон зуун жил болсон нь үнэн юм. Магадгүй Монголоос үүсэн гарч дэлхий дахинаа тархсан ч байж болох. Буузтай төстэй, голчлон махыг зуурч элдсэн гуриланд боож хийдэг хоол нь Азид орших үндэстэн ястнуудын дунд өргөн тархсан. Жишээ нь, Хятадын баозы , жаозы буюу гёоза Японоор, Балбын Момо, Оросын пельмени гэх мэт.

0 comments:


Blogspot Template by Isnaini Dot Com. Powered by Blogger and Supported by Lincah.Com - Bugatti Cars